25 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх багц журам
25.1.Хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол сангийн гишүүдийн хурал/ дараах багц журмыг Хорооноос тогтоосон шаардлагад нийцүүлэн баталж мөрдөнө: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.1.хөрөнгө оруулалтын сангийн дотоод хяналтын журам;
25.1.2.хөрөнгө оруулалтын сангийн төрлөөс хамаарч нэгж эрхийг худалдан авах, буцаан худалдах захиалга өгөх журам;
25.1.3.хөрөнгө оруулалтын сангийн орлогыг сангийн активт бүртгэх хугацаа, журам;
25.1.4.хөрөнгө оруулалтын сангийн төрлөөс хамаарч хөрөнгө оруулалтын санд буцаан худалдсан нэгж эрхийн үнийг төлөх хугацаа, журам;
25.1.5.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активт суурилсан нэгж эрхийн үнэ буюу нэгж эрхийг худалдах, худалдан авах үнийг тодорхойлох журам;
25.1.6.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчийг бүртгэх хугацаа, журам;
25.1.7.хөрөнгө оруулалтын сангийн зардлын зүйл, дээд хэмжээг тогтоох журам;
25.1.8.хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийтэд болон сангийн гишүүдэд мэдээлэл өгөх журам, мэдээлэх мэдээллийн төрөл, мэдээллийг түгээх хэлбэр;
25.1.9.хөрөнгө оруулалтын сангийн орлогоос гишүүдэд орлого хуваарилах нөхцөл, журам;
25.1.10.хөрөнгө оруулалтын сангийн эрсдэлийн удирдлагын журам;
25.1.11.хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр барьцаалан зээл авах журам;
25.1.12.энэ хуулиар тогтоосон бусад журам.
25.2.Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнээс гадна хөрөнгийг итгэмжлэн удирдах журамтай байх бөгөөд уг журамд тухайн сангийн хэлбэрээс хамаарч доор дурдсан нөхцөлийн аль нэгийг тусгана:
25.2.1.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь ажлын өдөр өөрийн эзэмшиж байгаа нэгж эрхийг тухайн санд хэдийд ч буцаан худалдах, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг дуусгавар болгохыг, эсхүл нэгж эрхийн зарим хэсгийг буцаан худалдан авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардаж болохыг;
25.2.2.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь хөрөнгө итгэмжлэн удирдах журамд заасан хугацааны дотор өөрийн эзэмшиж байгаа нэгж эрхийг санд буцаан худалдах, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг дуусгавар болгохыг, эсхүл нэгж эрхийн зарим хэсгийг буцаан худалдах, худалдан авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардаж болохыг;
25.2.3.сангийн нэгж эрхийг эзэмшигч нь энэ хуулиар тогтоосноос бусад тохиолдолд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хугацаа дуусахаас өмнө түүнийг дуусгавар болгохыг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас шаардахгүй болохыг.
25.3.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журамд энэ хуулийн 25.2-т зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:
25.3.1.хөрөнгө оруулалтын сангийн оноосон нэр;
25.3.2.хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр;
25.3.3.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн оноосон нэр;
25.3.4.кастодианы оноосон нэр;
25.3.5.сангийн гишүүдийн бүртгэл хөтлөх этгээдийн оноосон нэр;
25.3.6.аудитын байгууллагын оноосон нэр;
25.3.7.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын зорилго, чиглэл;
25.3.8.хамтын хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх хөрөнгийн доод хэмжээ;
25.3.9.хамтын хөрөнгө оруулалтын санг бүрдүүлэх хугацаа;
25.3.10.хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний нөхцөл, хүчинтэй байх хугацаа.
25.4.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам нь тухайн төрлийн сангийн хувьд Хорооноос баталсан үлгэрчилсэн журамд нийцсэн байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
25.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуулийн 25.4-т заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай бүр ажлын таван өдөрт багтаан Хороонд хүргүүлэн сангийн гишүүдэд мэдэгдэх бөгөөд хөрөнгө итгэмжлэн удирдах журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Хороонд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
25.6.Тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмыг Хороо бүртгэсний дараа хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээ байгуулах саналаа нийтэд зарлах эрхтэй болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
25.7.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Хороо хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргах ба бүртгэхээс татгалзах тухай шийдвэрт үндэслэлийг заасан байна.
25.8.Хороо нь бүртгүүлэх хүсэлтийг хянах хугацаанд тухайн хүсэлтэд хавсаргасан баримт бичиг, мэдээллийг шалгах эрхтэй.
25.9.Хороо энэ хуулийн 25.7-д заасан бүртгэх болон бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор хөрөнгө оруулалтын менежментийн компанид мэдэгдэнэ.
25.10.Хороо доор дурдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журам, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзана:
25.10.1.ирүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон Хорооноос батлан мөрдүүлж байгаа дүрэм, журамд нийцээгүй, бүрэн бус;
25.10.2.ирүүлсэн баримт бичигт төөрөгдүүлж болох мэдээлэл тусгагдсан;
25.10.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан нь тусгай зөвшөөрөл аваагүй, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй.
25.11.Энэ хуулийн 25.7-д заасны дагуу Хорооны бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийн талаар хүсэлт гаргагч Хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.