24 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
24.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.5, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.13-т заасан болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн хэрэгслээс бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.2.Хувийн хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 26.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно.
24.3.Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт хийх энэ хуулийн 24.1, 24.2-т заасан санхүүгийн хэрэгслийг энэ хуулийн 26.2, 26.3-т заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
24.4.Хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын шийдвэрийг хөрөнгө оруулалтын менежментийн компани гаргана.
24.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хүрээнд тухайн хөрөнгө оруулалтын санг төлөөлөх эрхийг хэрэгжүүлнэ.
24.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын санг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчаар оролцох эрхтэй байна.
24.7.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийх бөгөөд итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
24.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Хорооноос тогтоосон хугацаанд, тогтоосон журмын дагуу тайлан мэдээ гаргаж хүргүүлэх үүрэгтэй.