111 дугаар зүйл. Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
111.1.Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
111.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
111.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
111.1.3.цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
111.1.4.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, баримт бичгийг холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулж авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг хяналт шалгалтад татан оролцуулах;
111.1.5.цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, цацрагтай ажиллагчийн өртөж байгаа мэргэжлийн шарлагын тунд хяналт тавих, шарлагын тунгийн мэдээллийн сан бүрдүүлэх;
111.1.6.үйлдвэрлэл, судалгаа, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж байгаа цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;
111.1.7.улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
111.1.8.хүрээлэн байгаа орчны болон ахуйн хэрэглээний бараа, материал, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материалын цацрагийн түвшний хяналт шинжилгээ хийх, тэдгээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтоох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх, чанарын баталгаажилтыг хангах арга хэмжээ авах;
111.1.9.хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд холбогдох олон улсын байгууллагаас мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авах;
111.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/