12 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

12.1.Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/-ийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу олгож, цуцална. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид "улсын байцаагч" гэх)-ийг томилж, чөлөөлнө. Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.4.Улсын байцаагч цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.5.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

12.6.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

12.7.Улсын байцаагч хяналт шалгалт хийх цөмийн төхөөрөмж болон холбогдох бусад объектод саадгүй нэвтэрнэ.

12.8.Улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

12.9.Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагч, эсхүл ахлах байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ. /Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.10.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, цацрагтай ажиллагч нь ажлын онцлогт тохирсон тусгай хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд ажлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Цөмийн энергийн комисс батална.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.