11 дугаар зүйл. Цөмийн энергийн комиссын бүрэн эрх
11.1.Цөмийн энергийн комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
11.1.2.энэ хуулийн 28.8-д заасан мэдээллийг нэгтгэн боловсруулж, шаардлагатай бол магадлан шалгаж Олон улсын атомын энергийн агентлагт зохих журмын дагуу хүргүүлэх;
11.1.3.цөмийн материалын тооллого, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөн хийх журмыг батлах;
11.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журмыг батлах;
11.1.5.гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;
11.1.6.ураны баяжмал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн онцлогийг харгалзан түүний хүчин чадал, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтийн холбогдолтой нууцлах мэдээллийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;
11.1.7.цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
11.1.8.улсын хэмжээнд ашиглаж байгаа ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх;
11.1.9.Энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг батлах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Цөмийн энергийн комисс нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байх бөгөөд уг байгууламж нь улсын онц чухал объект байна.
11.3."Цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдал" гэж цөмийн төхөөрөмжөөс гарах цацраг идэвхт хаягдлаас бусад төрлийн цөмийн технологийн хэрэглээний хаягдлыг ойлгоно.
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/