201 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Энэ зүйлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

201 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Энэ зүйлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.1.Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон цацраг идэвхт ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.2.Энэ хуулийн 201.1-д заасан төлбөр төлөгчийн экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний 5 хувиар ногдуулна. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.4.Энэ хуулийн 201.3-т заасан үндсэн хувь дээр цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно: Бүтээгдэхүүний нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллароор/ Үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь Уран фунт Ураны хүдрийн баяжмал (ураны исэл U308) 0-50 хүртэл 0.00 50-60 хүртэл 1.00 60-70 хүртэл 2.00 70-80 хүртэл 3.00 80-90 хүртэл 4.00 90-100 хүртэл 5.00 100-110 хүртэл 6.00 110-120 хүртэл 7.00 120-130 хүртэл 8.00 130 ба түүнээс дээш 9.00 /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.5.Энэ хуулийн 5.5-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас өөрөөр тогтоосон бол төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж болно. /Энэ зүйлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.6.Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшнийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөхөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.8.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.9.Цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Засгийн газар нийтэд зарлана. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.10.Төлбөр төлөгч цацраг идэвхт ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад цацраг идэвхт ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг тусгасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тайлагнана. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

201.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.