7 дугаар зүйл. Засгийн газрын онцгой бүрэн эрх

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Засгийн газрын онцгой бүрэн эрх

7.1.Энэ хуулийн 15.1.2, 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нь дараах асуудлаар шийдвэр гаргахаас өмнө Цөмийн энергийн комиссоос зөвшөөрөл авна:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.1.тухайн компанийн хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;

7.1.2.тухайн компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаас шинээр гаргах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш хэмжээний хувьцаа нэмж гаргах;

7.1.3.тухайн компанийг нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах.

7.2.Энэ хуулийн 15.1.2, 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.1-д заасан шийдвэрийг гаргаснаас хойш 14 хоногийн дотор дараахь баримт бичгийг Цөмийн энергийн комисст хүргүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.1.энэ хуулийн 7.1.1-д заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;

7.2.2.энэ хуулийн 7.1.2-т заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцаа, хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг худалдан авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;

7.2.3.энэ хуулийн 7.1.3-т заасан шийдвэрийн албан ёсны эх хувь, компанийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө болон уг шийдвэртэй холбоотой Цөмийн энергийн комиссоос шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

7.3.Цөмийн энергийн комисс энэ хуулийн 7.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн шийдвэрийг батламжлах, эс батламжлах шийдвэрийн аль нэгийг гаргана.

7.4.Энэ хуулийн 15.1.2, 15.2.1, 15.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 7.1, 7.2-т заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИ АШИГЛАХ САЛБАР ДАХЬ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.