18 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
18.1.Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
18.1.1.хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;
18.1.2.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;
18.1.3.энэ хуулийн 17.3-т заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;
18.1.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;
18.1.5.хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;
18.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.