19 дугаар зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:

19.1.1.өргөдлийг бүртгэлд бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.

19.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:

19.2.1.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх;

19.2.2.өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх;

19.2.3.хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх.

19.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

19.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

19.3.2.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх;

19.3.3.өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

19.4.Энэ хуулийн 19.3.2-т заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан эзэмшигч мөн хуулийн 24.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж, өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

19.5.Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу хийснээс хойш ажлын таван өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгоно.

19.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигч этгээдийн нэр, хаяг болон уурхайн талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна.

19.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, татварын асуудал эрхэлсэн байгууллага, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн Засаг даргад энэ тухай тус тус мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3.1, 19.3.3, 19.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.