25 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг
25.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:
25.2.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;
25.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан;
25.2.3.сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
25.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.
25.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10-т заасан шаардлагыг хангаж ажиллана.
25.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллана.