27 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
27.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ:
27.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;
27.1.2.энэ хуулийн 27.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;
27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;
27.1.4.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;
27.1.5.энэ хуулийн 27.1.4-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж, уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;
27.1.6.байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд хайгуулын талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;
27.1.7.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.
27.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
27.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.
27.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө.