35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл
35.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:
35.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
35.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;
35.1.3.аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.
35.2.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 27, 28, 32 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.
35.3.Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно.
35.4.Хайгуулын болон уурхайн талбайд үлдээх техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.