8 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
8.1. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8.1.1. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг;
8.1.2. бизнес төлөвлөгөө;
8.1.3. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8.1.4.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
8.1.5.боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи мэдээлэл;
8.1.6. хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
8.1.7. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл;
8.1.8. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт.
8.2. Энэ хуулийн 8.1.-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас лавлагаа авч болно.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/