17 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
17.1.Сум, дүүргийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.2.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;
17.1.3.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага, багт зориулалт бүхий газрыг ашиглуулах;
17.1.4.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил дууссаны дараа судалгаа явуулсан байгууллагаас уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах.
17.1.5.харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.1.6.сум, дүүргийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.1.7.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./