20 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоо

20.1.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан нь дараах тогтолцоотой байна:

20.1.1.байгууллагын бүртгэл, мэдээллийн сан;

20.1.2.сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн сан;

20.1.3.аймаг, нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан;

20.1.4.улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан.

20.2.Сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санг соёлын төвд; аймгийн бүртгэл, мэдээллийн санг орон нутгийн музейд; нийслэлийн бүртгэл, мэдээллийн санг нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжид; улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг Соёлын өвийн үндэсний төвд тус тус бүрдүүлж, хадгална.

20.3.Соёлын өвийн үндэсний төв нь соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, авран хамгаалах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.4.Төрийн болон орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.5.Сум, дүүргийн соёлын төв нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалах үүргийг гүйцэтгэнэ.

20.6.Дараах аж ахуйн нэгж, байгууллага бүртгэл, мэдээллийн санг заавал бүрдүүлнэ:

20.6.1.Монголбанк;

20.6.2.дурсгалт газрын хамгаалалтын захиргаа;

20.6.3.музей, галерей, номын сан, сүм хийд;

20.6.4.эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны лаборатори.

20.6.5.үндэсний төв архив.

/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

20.7.Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгүүлж болно.

20.8.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд түүнд агуулагдах мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байна.

20.9.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан нь төрийн өмчид байна.

20.10.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн байрлал, нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг тухайн санг бүрдүүлсэн байгууллага хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.