27 дугаар зүйл. Соёлын өвийн судалгаа
27.1.Соёлын биет өвийн судалгаа, шинжилгээг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ.
27.2.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа болон соёлын биет бус өвийн судалгаа нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.3.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх болон соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 271.1-д заасан санал, дүгнэлтэд үндэслэн олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.4.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журмыг соёлын болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.5.Эрдэм шинжилгээний болон авран хамгаалах хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад олгоно.
27.6.Авран хамгаалах хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн судлаачдын багт олгож болно. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
27.7.Соёлын биет өвийг таньж тогтоох судалгаа, шинжилгээг өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний лабораторид хийж болно.
27.8.Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.
27.9.Урьдчилан хайгуул судалгаа хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг захиалагч хариуцна.
27.10.Урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй нь газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
27.11.Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох журмын дагуу мэргэжлийн соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулна.
27.12.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.6, 6.7-д заасан судалгаа хийх зөвшөөрөл авах хүсэлтээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.12.1.судалгаа хийх үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон албан бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.12.2.судалгааны ажлын баталгаажсан удирдамж; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.12.3.дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бол хамтын ажиллагааны гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.12.4.судалгааны ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг томилсон тушаалын хуулбар. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./