32 дугаар зүйл. Төрийн өмчийн соёлын биет өвийг эзэмшигчийн эрх, үүрэг
32.1.Соёлын биет өвийг эзэмшигч дараах эрх эдэлнэ:
32.1.1.өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;
32.1.2.ангилал, зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг түр солилцох, түрээслэх, худалдаж авах;
32.1.3.сурвалжлан олж цуглуулах, судалж шинжлэх, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;
32.1.4.стандартын шаардлага хангасан байр, лаборатори, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах;
32.1.5.соёлын биет өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх.
32.2.Соёлын биет өвийг эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
32.2.1.соёлын өвийн бүртгэл хөтөлж, бүртгэл, мэдээллийн сан үүсгэх;
32.2.2.дээд шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх;
32.2.3.бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэх;
32.2.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;
32.2.5.соёлын биет өв алдагдсан, үрэгдсэн тохиолдолд тухайн шатны бүртгэл, мэдээллийн сан, Засаг дарга, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
32.2.6.өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг сэргээн засварлах, бусдад ашиглуулахгүй байх.