23 дугаар зүйл. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг тогтооно:
23.1.1.банкны үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй эсэх;
23.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1, 33.3, 34.2-т заасан шалгуурыг тус тус хангасан эсэх;
23.1.3.тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх;
23.1.4.банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө болохыг нотлох хангалттай баримт бичиг бүрдүүлсэн эсэх.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.5.банк байгуулах нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэх, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх эсэх.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.4.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй хамт олгож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу хянаж, 23.3-т заасан хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.6.Банк байгуулах, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан банкны эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.7.Монголбанк зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан арга хэмжээг авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.8.Зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк 30 хоногийн дотор магадлан шалгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./