27 дугаар зүйл. Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

27.1.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.1.1.хуульд заасны дагуу банкийг татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

27.1.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.1.3.банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь банкийг бүртгүүлснээс хойш илэрсэн;

27.1.4.банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны үйл ажиллагаа эрхлээгүй;

27.1.5.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн;

27.1.6.банк энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, шаардлагыг биелүүлээгүй нь банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг алдагдуулахад хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэсэн.

27.1.7.энэ хуулийн 7.2.8, 7.2.10-т заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан бол.

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.

27.3.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт бичгийг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй.

27.4.Энэ хуулийн 27.1-т зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана.

27.5.Монголбанк доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэнд тооцно:

27.5.1.банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон, эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

27.5.2.зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;

27.5.3.банкны пассив нь активаасаа хэтэрсэн, эсхүл ердийн боломжит хугацаанд хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.