28 дугаар зүйл. Банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах үндсэн нөхцөл
/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.1.Монголбанк зөвшөөрөл олгосон тохиолдолд банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрт өөрчлөн байгуулах, татан буулгах комисс, банкны бүртгэлд байгаа эд хөрөнгө, үнэт зүйлсийг нягтлан шалгах эрх бүхий хянан шалгах комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох болон аудитыг сонгох тухай тусгасан байна.
28.3.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл авахад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд хүргүүлнэ:
28.3.1.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;
28.3.2.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
28.3.3.банкийг өөрчлөн байгуулсны үр дүнд байгуулагдах хуулийн этгээдийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, бизнес төлөвлөгөө, өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан тэнцлийн төсөөллийн тухай шаардлагатай бусад мэдээлэл;
28.3.4.банкийг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.4.Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.
28.5.Монголбанк энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрийг тооцохдоо энэ хуулийн 23.2-т заасныг баримтална.
28.6.Монголбанкнаас банкийг өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгосны дараа банкийг өөрчлөн байгуулах ажиллагаа эхэлнэ.
28.7.Банк түүнийг өөрчлөн байгуулах талаар гарсан шийдвэрийг хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч нарт Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш гурав хоногийн дотор мэдэгдэнэ.
28.8.Банкийг нийлүүлэх, нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулахад Монголбанк зуучлагчийн үүрэгтэй оролцож болно.
28.9.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзана:
28.9.1.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн;
28.9.2.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичиг нь хууль тогтоомж зөрчсөн;
28.9.3.энэ хуулийн 19, 20, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
28.9.4.харилцагчийн эрх ашиг, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк үзсэн.
28.10.Монголбанк банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.11.Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк татан буугдана.
БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ