29 дугаар зүйл. Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал
/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.1.Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.1.банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;
29.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;
/Энэ заалтын "29.2.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./
29.2.4.банкийг өөрчлөн байгуулах;
29.2.5.банкийг татан буулгах;
29.2.6.банкны жилийн үйл ажиллагааны талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;
29.2.7.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
29.2.8.энэ хуулийн 32.3-т заасан Монголбанкны мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх;
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
29.2.9.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох;
29.2.10.банкны хянан шалгагч /хянан шалгах зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулах.
29.3.Энэ хуулийн 19, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэний банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт өгсөн саналыг хүчингүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/