47 дугаар зүйл. Банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
47.1.Банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тогтворжуулах төлөвлөгөөг тогтоосон хугацаанд Монголбанкинд ирүүлнэ.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан төлөвлөгөө нь тухайн банкны нэгдэл, түүний толгой компани, үйл ажиллагааг хамарсан байна.
47.3.Банкнаас ирүүлсэн тогтворжуулах төлөвлөгөө нь энэ хуулийн 47.1-д заасан шаардлагыг хангаагүй бол Монголбанк өөрчлөлт оруулахыг банкнаас шаардана.
47.4.Банк энэ хуулийн 47.3-т заасны дагуу тогтворжуулах төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулаагүй буюу уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж Монголбанк үзвэл дараахь шаардлагыг банкинд тавина:
47.4.1.банкны эрсдэлийн ерөнхий түвшинг бууруулах;
47.4.2.хувьцаа болон хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах хэлбэрээр банкийг дахин санхүүжүүлэх зээл олгох төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах тодорхой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх;
47.4.3.бизнес төлөвлөгөө, стратегийг өөрчлөх, банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх;
47.4.4.банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх;
47.4.5.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад шаардлага.
47.5.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж, батална.
47.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө дараахь агуулгатай байна:
47.6.1.тухайн банк, банкны тогтолцоог хамарсан төлбөрийн чадвар алдагдаж болох нөхцөл байдал, эрсдэлийг тодорхойлсон төсөөлөл;
47.6.2.Энэ хуулийн 47.6.1-д заасан нөхцөл байдлын үед авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ.
47.7.Энэ зүйлийн 47.1, 47.5 дахь хэсэгт заасан төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх журмыг Монголбанк батална. /Энэ хэсэгт 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Хоёрдугаар дэд бүлэг
"урьдчилан сэргийлэх арга хэмжээ"
/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./