48 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
48.1.Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна:
48.1.1.зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;
48.1.2.зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
48.1.3.тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;
48.1.4.банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;
48.1.5.банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
48.1.6.банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;
48.1.7.тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;
48.1.8.банкны актив, өр төлбөрийн хэмжээ, өөрчлөлтийг хязгаарлах, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
48.1.9.хөрөнгө худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;
48.1.10.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, зөвшөөрлийг хүчингүй болгох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
48.1.11.хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;
48.1.12.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;
48.1.13.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;
48.1.14.энэ хуулийн 48.1.1-48.1.13-т заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;
48.1.15.нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;
48.1.16.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
48.1.17.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
48.2.Монголбанк энэ зүйлд заасан арга хэмжээ авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авах зарчмыг баримтална.
48.3.Энэ зүйлд заасан арга хэмжээг авсан нь энэ хууль, бусад хууль тогтоомжоор Монголбанкнаас арга хэмжээ авах, хариуцлага ногдуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
48.4.Монголбанк энэ зүйлд заасны дагуу банкинд авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
Гуравдугаар дэд бүлэг
"банкны нөхцөлт удирдлага"
/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./