65 дугаар зүйл. Гадаад хамтын ажиллагаа
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
65.1.Монголбанк нь Монгол Улсад болон гадаад улсад үйл ажиллагаа эрхэлдэг аливаа банк, түүний банкны нэгдлийн үйл ажиллагааг хянан зохицуулах эрх бүхий гадаад улсын байгууллагатай хамтран банкны нэгдэлд авах бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, хэлбэрийг тогтоох зорилгоор хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулж болно.
65.2.Энэ хуулийн 65.1-д заасан гэрээ, хэлцэл дараахь агуулгатай байна:
65.2.1.банкны урьдчилсан оролцоо болон банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний талаархи мэдээллийг тухай бүр харилцан солилцох;
65.2.2.банкны үйл ажиллагааг нөхөн сэргээх төлөвлөгөө, түүнд хийсэн дүн шинжилгээг тухай бүр харилцан солилцох;
65.2.3.тухайн банкны Монгол Улс дахь салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, хөрөнгийг захиран зарцуулах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг харилцан тохиролцож зохицуулах;
65.2.4.энэ хуулийн дагуу авч хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулах.
65.3.Энэ хуулийн 65.2-д заасан мэдээ, мэдээллийг дараахь нөхцөлд харилцан солилцож болно:
65.3.1.солилцох мэдээ, мэдээллийг ашиглах зорилго нь тодорхой байх;
65.3.2.энэ хуулийн 65.3.1-д заасан зорилгоос өөр зорилгоор ашиглах тохиолдолд Монголбанкнаас урьдчилан зөвшөөрөл авсан байх;
65.3.3.мэдээ, мэдээллийн нууцлал, түүний хадгалалт, хамгаалалт нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх.
65.4.Монголбанк нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монгол Улсад үүсгэн байгуулагдаагүй, банкны үйл ажиллагааг нэг болон түүнээс дээш салбараараа дамжуулан эрхэлж байгаа хуулийн этгээдэд тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болно.
65.5.Энэ хуулийн 65.4-т заасан арга хэмжээ нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хангалттай бус гэж Монголбанкнаас үзсэн бол Монгол Улс дахь салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, энэ хуульд заасан албадлагын бусад арга хэмжээг авах эрхтэй.