66 дугаар зүйл. Үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
66.1.Монголбанк нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банктай холбоотой дараахь үйл ажиллагааг түр түдгэлзүүлж болно:
66.1.1.банкинд авах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа банкны өмнө байгуулсан гэрээгээр хүлээсэн аливаа үүргийг гүйцэтгэхээс түр чөлөөлөх, зогсоох, түр түдгэлзүүлэх;
66.1.2.банкны хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага хангуулах үйл ажиллагааг түр хугацаагаар хэсэгчлэн буюу бүхэлд нь түдгэлзүүлэх.
66.2.Монголбанк нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:
66.2.1.банкийг банкны зохистой хяналт шалгалтын шаардлагыг хэрэгжүүлэхээс түр чөлөөлөх;
66.2.2.банкны харилцагчтай хийх гүйлгээг зогсоох, гүйлгээ хийж байгаа газар, тооцооны төвийг түр хугацаагаар хаах;
66.2.3.банктай санхүүгийн хэлцэл хийсэн этгээдийн уг хэлцлийг хугацаанаас өмнө дуусгавар болох эрхийг түр түдгэлзүүлэх.
66.3.Энэ хуулийн 66.2-т заасан арга хэмжээг авах хугацаа 90 хоног байх бөгөөд энэ хугацааг хоёр удаа мөн хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
66.4.Банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр нь тухайн банктай гэрээ байгуулсан этгээдэд гэрээгээ цуцлах эрх, эрхээ нэмэгдүүлэх давуу байдлыг бий болгохгүй бөгөөд энэ нь банкинд авах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш тухайн банкинд зээл олгосон этгээдийн гэрээний дагуу нэмж зээл олгох үүргээсээ татгалзах эрхийг хөндөхгүй.
66.5.Энэ зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн тухайгаа Монголбанк олон нийтэд нэн даруй мэдээлнэ.
66.6.Банкинд авах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа банкны хөрөнгийг Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарах, шилжүүлэх, хуваарилах, захиран зарцуулахыг хориглоно.
66.7.Энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах банкны хувьцаа эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын эд хөрөнгийн байдал нь тухайн банкийг татан буулгаснаас дордохоор байна гэж Монголбанк үзвэл тухайн этгээд нь эд хөрөнгийн байдлаа сэргээхийг шаардах эрхтэй.