19 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр
19.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
19.1.1.даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
19.1.2.ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
19.1.3.төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл;
19.1.4.хуулийн дагуу Хүний хөгжил сангаас төлсөн төлбөр;
/Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.1.5.төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.1.6.сангийн чөлөөт үлдэгдлийн хүү;
19.1.7.эрсдэлийн нөөцийг хадгалуулсны хүү;
19.1.8.эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги;
19.1.9.бусад эх үүсвэр.
19.2.Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
19.3.Энэ хуулийн 6.1.1, 6.1.11-д заасан эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүлгийн даатгуулагчийн шимтгэл, 19.1.8-д заасан шимтгэл, алдангийг цуглуулах, төвлөрүүлэх үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.4.Нийгмийн даатгалын байгууллага төвлөрүүлсэн хөрөнгийг долоо хоног бүр эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлнэ.