21 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах
21.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
21.2.Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.
21.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг Засгийн газарт мэдүүлнэ.
21.4.Засгийн газар эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
21.5. эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын тайлан тэнцлийг доор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний зөвлөлд тайлагнаж байна:
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.1.орлого, зарлагын тайланг сум, дүүргийн эрүүл мэндийн даатгалын байгууллага тухайн улирлын дараа сарын 15-ны дотор, аймгийн эрүүл мэндийн даатгалын байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор эрүүл мэндийн даатгалын байгууллагад тус тус ирүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.2. эрүүл мэндийн даатгалын байгууллага эрүүл мэндийн даатгалын сангийн улирлын нэгдсэн тайланг улирлын хоёр дахь сарын 10-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.3. эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улирлын тайланг дараа улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний зөвлөлөөр хянан хэлэлцүүлэх.
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.6.Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.