22 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сан, даатгуулагчийн цахим карт
22.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч, шимтгэл төлөлт, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан /цаашид "мэдээллийн цахим сан" гэх/-тай байх бөгөөд мэдээллийн цахим сангийн дүрмийг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.2.Мэдээллийн цахим сан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулах ба эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, хэтийн тооцоолол хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
22.3.Мэдээллийн цахим сан нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас сонгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын жагсаалт, байршил, шатлал, үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо, чанарын баталгаажилтын талаарх мэдээллийг агуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.4. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх цахим карт олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.5.Энэ хуулийн 22.4-т заасан цахим карт нь даатгуулагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлбөр гүйцэтгэх мэдээллийн хэрэгсэл болно.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.6.Цахим картын загвар, цахим картад хадгалагдах мэдээлэл, цахим картыг хэрэглэх журмыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА