16 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх татварын тусгай дэглэм

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх татварын тусгай дэглэм

16.1.Чөлөөт бүсэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

16.1.1.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;

16.1.2.импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг чөлөөт бүсэд оруулахад татвар ногдуулахгүй бөгөөд гаалийн нутаг дэвсгэрт тухайн татварыг төлсөн баримтыг үндэслэн бусад татвараас хасалт хийж буцаан олгох;

16.1.3.монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хувь хэмжээгээр ногдуулах;

16.1.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

16.1.5.энэ хуулийн 16.1.4-т зааснаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулах;

16.1.6.барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;

16.1.7.чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.

16.2.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно.

16.3.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4. /Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.5.Чөлөөт бүсэд энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараах татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.5.1.чөлөөт бүсэд инноваци, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг ашигт үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд ногдох орлогын албан татвараас чөлөөлөх;

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.5.2.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх.

16.6.Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд нь чөлөөт бүсэд эрхэлсэн үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.