8 дугаар зүйл. Чөлөөт бүсийн захирагч, түүний бүрэн эрх

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Чөлөөт бүсийн захирагч, түүний бүрэн эрх

8.1.Чөлөөт бүсийн захирагч чөлөөт бүсэд төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.

8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол чөлөөт бүсийн захирагчийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.3.Чөлөөт бүсийн захирагч ажлаа чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

8.4.Чөлөөт бүсийн захирагч ажлын албатай байх бөгөөд уг ажлын албаны бүтэц, орон тоо, зардлын хязгаарыг Засгийн газар тогтооно.

8.5.Чөлөөт бүсийн захирагч тогтоосон загварын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

8.6.Чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгоно.

8.7.Чөлөөт бүсийн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.7.1.чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар чөлөөт бүсийг төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах;

8.7.2.чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөр, төсвийн төслийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;

8.7.3.чөлөөт бүсийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх;

8.7.4.чөлөөт бүсийн ажиллах хүчний болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.7.5.чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцах, хяналт тавих;

8.7.6.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;

8.7.7.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.7.8.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөл болон бусад байгууллагатай хамтран ажиллах;

8.7.9.чөлөөт бүсэд гарал үүсэл нь тодорхой, барааны тэмдэг, зураасан кодтой барааг худалдах талаар аж ахуй эрхлэгчид шаардлага тавих;

8.7.10.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг сахиулах, галын аюулаас хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг зохицуулж хэрэгжүүлэх;

8.7.11.чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу экспортлох зорилгоор уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын баталсан журмын дагуу олгох. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ДЭГЛЭМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.