11 дугаар зүйл. Өрийн удирдлагын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Өрийн удирдлагын талаар төрийн бусад байгууллагын чиг үүрэг

11.1.Монголбанк өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.1.1.улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх;

11.1.2.Засгийн газрын хийх зээллэгийн хэмжээ нь Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц байх тохиолдолд тухай бүр холбогдох санал зөвлөмжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

11.2.Төрийн аудитын төв байгууллага өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.2.1.энэ хуульд заасны дагуу стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

11.2.2.өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

11.2.3.энэ хуулийн 9.1.9-д заасан эрсдэлийн үнэлгээнд тухай бүр хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргах;

11.2.4.энэ хуулийн 37.2-т заасны дагуу дүгнэлт гаргах.

11.3.Үндэсний статистикийн хороо нь улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны талаарх мэдээллийг макро эдийн засгийн тойм мэдээнд хамаарах тоон дүн, статистик мэдээллийн хамт улирал, жилээр нэгтгэн гаргах чиг үүрэгтэй.

11.4.Аймаг, нийслэлийн Засаг даргаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нь өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй:

11.4.1.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг холбогдох тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.2.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн тайланг Засгийн газарт танилцуулах;

11.4.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.4.4.гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

11.4.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

ӨРИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.