13 дугаар зүйл. Засгийн газрын өрийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэх
13.1.Өрийн удирдлагын бодлого, стратеги нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ.
13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын өрийн удирдлагыг стратегийн баримт бичгийн хүрээнд дараах байдлаар хэрэгжүүлнэ:
13.2.1.Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ, өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээнд үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;
13.2.2.Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, өрийн багцын бүтэц, эрсдэлийг богино, дунд, урт хугацаагаар оновчтой тодорхойлж, удирдан зохицуулах; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.2.3.тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өр, түүнд тавих шаардлага, нөхцөл, хязгаарлалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;
13.2.4.улсын нийт гадаад өрийн мэдээллийн санг Монголбанктай хамтран хөтөлж, энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлж, Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг хангах.
13.2.5.энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар үүсгэх өрийн зориулалт, хэмжээ, өрийн багцын бүтэц, эргэн төлөх чадвар, эрсдэлийг зээлийн гэрээ, хэлэлцээрийн нийт хугацаагаар тодорхойлж, удирдан зохицуулах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.3.Энэ хуулийн 13.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодорхойлсон байна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./