14 дугаар зүйл. Стратегийн баримт бичиг

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Стратегийн баримт бичиг

14.1.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратеги нь бодлогын баримт бичгээр тодорхойлогдох ба энэ хуулийн 13.1-д заасныг баримтална.

14.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна.

14.3.Стратегийн баримт бичигт дараах зүйлийг тусгана:

14.3.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал;

14.3.2.Засгийн газрын өрийн шалгуур үзүүлэлтийн дунд хугацааны төсөөлөл;

14.3.3.санхүүжилтийн боломжит эх үүсвэр;

14.3.4.Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс;

14.3.5.Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн таамаглал;

14.3.6.Засгийн газрын өрийн баталгааны багцын тухайн үеийн нөхцөл байдал, өрийн багц дахь зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн таамаглал;

14.3.7.Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц;

14.3.8.өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, өрийн зохицуулалтын үйл ажиллагаа;

14.3.9.бусад.

14.4.Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн хэлбэлзлээс шалтгаалан дунд хугацааны төсөөлөлд суурилсан өрийн багцын зорилтот түвшинд хүрэх боломжгүй болсноос бусад тохиолдолд стратегийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

14.5.Энэ хуулийн 14.4, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газраас стратегийн баримт бичигт холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусган тухай бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

14.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.2-т заасны дагуу стратегийн баримт бичгийг өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.