17 дугаар зүйл. Засгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох
17.1.Тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг жил бүрийн төсвийн хуулийн хамт батлах ба Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг Улсын Их Хурал батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.
17.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.2-т заасныг үндэслэн Засгийн газрын тухайн жилд шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг шинэчлэн боловсруулж, төсвийн төсөлд тусган Засгийн газарт хүргүүлнэ.
17.4.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээний дүнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг оруулж тооцсон байна.