18 дугаар зүйл. Засгийн газар зээллэг хийх
18.1.Засгийн газар энэ хуулийн 12.1, 16.1, 17.1-д заасныг үндэслэн стратегийн баримт бичигт нийцүүлэн зээллэг хийж болно.
18.2.Засгийн газар зээллэг хийхдээ дараах шаардлагыг хангана:
18.2.1.тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөө, зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;
18.2.2.энэ хуулийн 16.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх;
18.2.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх.
18.3.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохицуулна.
18.4.Засгийн газар Монгол Улсын мөнгөний болон валютын зах зээлд нөлөөлөхүйц зээллэг хийх тохиолдолд уг зээллэгийн хэмжээ, нөхцөл, хугацааг Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
18.5.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:
18.5.1.төсөвт тусгагдсан байх;
18.5.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
18.5.3.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.5.4.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, баталгаажуулсан байх;
18.5.5.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээ эдийн засгийн үр ашигтай, зээллэгийн хөрөнгийг эргэн төлөх чадвартай нь эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон байх;
18.5.6.гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлж байгаа тохиолдолд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас илүүгүй байх;
18.5.7.тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийгдэж, баталгаажуулсан байх.
18.5.8.эдийн засгийн бодит үр өгөөж өгөх төсөл, арга хэмжээ байх нь холбогдох тооцоо, судалгаагаар нотлогдсон байх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.6.Засгийн газрын шинээр хийх зээллэг нь энэ хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал, дүгнэлт гаргана.
18.7.Засгийн газар нь Монголбанкнаас энэ хуулийн 12.1.2-т заасан зорилгоор тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээллэг хийж болно.
18.8.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь өрийн хэрэгсэлд тооцогдох бөгөөд уг гэрээгээр санхүүжих төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.1-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.9.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг байгуулахад энэ хуулийн 16.2-т заасныг удирдлага болгоно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.10.Засгийн газар энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж Монголбанкнаас зээллэг хийхийг хориглоно.
18.11.Энэ хуулийн 18.5.8-д заасан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./