19 дугаар зүйл. Орон нутгийн өрийн удирдлага, зохицуулалт
19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 281 дүгээр зүйл 6.2.2, 7.1.2, 8.1.4-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд зээллэг хийх шийдвэрийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
19.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэх асуудлыг Төсвийн тухай хуульд зааснаар зохицуулна.
19.3.Дараах шаардлагыг хангасан аймаг, нийслэл нь Төсвийн тухай хуулийн 58.1, 58.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно:
19.3.1.улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй байх;
19.3.2.тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зардлынхаа 50 хувиас багагүй байх.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.4.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу үүсгэх орон нутгийн өрийн үлдэгдлийн хэмжээ нь тухайн аймаг, нийслэлийн өмнөх гурван жилийн төсвийн дундаж суурь орлогын 50 хувиас, тухайн төсвийн жилд төлөх өрийн үйлчилгээний хэмжээ нь суурь зардлын 50 хувиас илүүгүй байна.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.5.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу үүсгэсэн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх дүнгээр төсөвт нь үлдээсэн хөрөнгийн эх үүсвэрээс төлнө.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.6.Аймаг, нийслэлийн төсөвт энэ хуулийн 19.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгох, өрийн үйлчилгээг санхүүжүүлэхийг хориглоно:
19.6.1.Төсвийн тухай хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах аймаг, нийслэлийн өмчийн эд хөрөнгө;
19.6.2.аймаг, нийслэлийн төсвийн бүх төрлийн орлого;
19.6.3.улсын төсвөөс олгосон тусгай зориулалтын шилжүүлэг;
19.6.4.улсын төсвийн орлогын шилжүүлэг.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасны дагуу өр үүсгэхдээ дараах шаардлагыг хангана:
19.7.1.өр үүсгэх эх үүсвэр нь энэ хуулийн 17.1, 19.4-т заасан шаардлагад нийцсэн байх;
19.7.2.өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь тухайн асуудал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;
19.7.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байх;
19.7.4.Засгийн газраас зөвшөөрөл авч, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
19.7.5.өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга өр үүсгэх аливаа гэрээнд гарын үсэг зурсан болон үнэт цаас арилжаалснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбар, холбогдох баримт бичиг, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуульд зааснаар тодорхойлогдох тухайн орон нутгийн өмнөх улирлын өрийн үлдэгдэл болон хугацаа хэтэрсэн өр, түүнд ногдох хүү, алданги торгуулийн талаарх мэдээллийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
19.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн орон нутагт хамаарах зээллэг, өртэй холбогдолтой аливаа мэдээллийг шаардсан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга уг хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох мэдээллийг хүргүүлнэ.
19.11.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хууль болон Төсвийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.12.Аймаг, нийслэлийн өрийн үйлчилгээг тухайн орон нутгийн төсвөөс гүйцэтгэнэ.
19.13.Энэ хуулийн 19.11-д аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх төсвийн зээл хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/