24 дугаар зүйл. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалт
24.1.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний зорилго, нийгмийн үр өгөөж, эдийн засгийн үр ашиг, эргэн төлөгдөх чадвараас нь хамааруулж эх үүсвэрийг дараах хэлбэрээр ашиглана:
24.1.1.төсөл хэрэгжүүлэх гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх;
24.1.2.дамжуулан зээлдүүлэх;
24.1.3.Засгийн газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх.
24.2.Нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх чиглэл баримтлах ба санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
24.3.Энэ хуулийн 7.1.6-д зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.
24.4.Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.
24.5.Энэ хуулийн 24.1.1-д заасан төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд бий болсон үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль[7]-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэнэ.