25 дугаар зүйл. Гадаад зээл авах, гэрээ байгуулах

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Гадаад зээл авах, гэрээ байгуулах

25.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт үндэслэн гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг зээлдүүлэгч талд тавьж, хэлэлцээр хийнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.1-д заасан хэлэлцээр хийхдээ холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харьяа агентлаг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн бусад байгууллагыг оролцуулна.

25.3.Засгийн газар нь тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад зээлийн гэрээг байгуулна.

25.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад эх үүсвэрээс зээл авах, зээлийн гэрээ байгуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг хангана:

25.4.1.гадаад эх үүсвэрээс авах зээлийн хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээ болон зээллэгийн төлөвлөгөөнд нийцсэн байх;

25.4.2.энэ хуулийн 16.2-т заасан санал, дүгнэлтийг авсан байх;

25.4.3.тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжих салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байх.

25.5.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.4.3-т заасан саналыг ирүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, энэ хуулийн 18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна.

25.6.Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан гадаад зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тусгайлсан болон санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрийг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар холбогдох этгээдтэй шууд байгуулж болно.

25.7.Гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулсан тухай бүр уг гэрээ, хэлэлцээрийн хувийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

25.8.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж гадаад эх үүсвэрээс зээл авах, зээлийн гэрээ байгуулахыг хориглоно.

25.9.Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААС

/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.