26 дугаар зүйл. Засгийн газрын үнэт цаас гаргах

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Засгийн газрын үнэт цаас гаргах

26.1.Засгийн газрын дотоод үнэт цаасыг энэ хуулийн 12.1.1-12.1.4, гадаад үнэт цаасыг энэ хуулийн 12.1.1, 12.1.4-12.1.6-д заасан зориулалтаар гаргана.

26.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

26.3.Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахтай холбогдсон аливаа шийдвэрийн төслийг энэ хуулийн 8.2.4-т заасныг үндэслэн Засгийн газарт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд Засгийн газар оруулна.

26.4.Засгийн газрын үнэт цаас гаргахад дараах шаардлагыг хангасан байна:

26.4.1.тухайн жилийн төсвийн хуульд тусгасан байх;

26.4.2.гаргах үнэт цаасны үнийн дүн нь энэ хуульд заасны дагуу тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээнд нийцсэн байх;

26.4.3.стратегийн баримт бичигт нийцсэн байх.

26.5.Засгийн газрын тухайн төсвийн жилд арилжаалах дотоод үнэт цаасны хуваарийг зээллэгийн төлөвлөгөө болон стратегийн баримт бичигт нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.6.Засгийн газрын үнэт цаас гаргах хуваарьт дараах шаардлагыг тусгана:

26.6.1.үнэт цаасны төрөл, нөхцөл, хэмжээ;

26.6.2.үнэт цаас арилжаалах хэлбэр;

26.6.3.үнэт цаасны арилжааны болон төлбөр тооцооны он, сар, өдөр.

26.7.Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

26.8.Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгийг энэ хуулийн 18.5-д заасан шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр ашиглана.

26.9.Засгийн газрын гадаад үнэт цаасыг энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар гаргах санаачилгыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

26.10.Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны болон Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

26.11.Үнэт цаас гаргагч нь тухайн төсвийн жилд арилжаалах Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийг бэлтгэн баталж, олон нийтэд мэдээлнэ.

26.12.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж Засгийн газрын үнэт цаас гаргахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.