29 дугаар зүйл. Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх зээл, түүнд тавигдах шаардлага

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх зээл, түүнд тавигдах шаардлага

29.1.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлж болно.

29.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчтэй байгуулсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг үндэслэн зээлийн хөрөнгийг олгоно.

29.3.Дэд зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлсэн зээлийг эцсийн зээлдэгчид дамжуулан олгож байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид "Хөгжлийн банк" гэх/, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагыг ойлгоно.

29.4.Эцсийн зээлдэгч гэдэгт энэ хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн хөрөнгийг, хүүгийн хамт эргэн төлөх нөхцөлтэйгөөр авч байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг ойлгоно.

29.5.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 18.5.1-18.5.6, 23.3.3-т заасан шаардлагыг удирдлага болгоно.

29.6.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг дэд зээлдэгч буюу Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан эцсийн зээлдэгчид зээлдүүлэх тохиолдолд энэ хуулийн 18.5.1-18.5.3, 18.5.5-18.5.7-д заасан шаардлагыг удирдлага болгоно.

29.7.Энэ хуулийн 29.6-д заасан дэд зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үр нөлөөг үнэлэх асуудлыг бие даан шийдвэрлэх ба үүнтэй холбогдож үүсэх эрсдэлийг бүрэн хариуцна.

29.8.Засгийн газрын зээллэгийн хөрөнгийг Хөгжлийн банкинд дамжуулан зээлдүүлэх харилцааг энэ хуулиар, Хөгжлийн банкнаас уг дамжуулан зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах харилцааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу зохицуулна.

29.9.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

29.10.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж дамжуулан зээлдүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.