30 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах
30.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь үндсэн зээлийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.
30.2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дамжуулан зээлдүүлэх тохиолдолд тухайн салбар, эсхүл орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.
30.3.Энэ хуулийн 30.2-т заасан төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд Хөгжлийн банк нь дэд зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дэд зээлдэгч, эцсийн зээлдэгчийн хооронд гурвалсан гэрээ байгуулна.
30.4.Арилжааны банк, бусад санхүүгийн байгууллагаар, эсхүл энэ хуулийн 30.3-т зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкаар дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ нь дараах шатлалаар хийгдэнэ:
30.4.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллагын хооронд дамжуулан зээлдүүлэх зээлийн хоёр талт гэрээг байгуулна;
30.4.2.Хөгжлийн банк, арилжааны банк, эсхүл бусад санхүүгийн байгууллага нь эцсийн зээлдэгчтэй дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулна.
30.5.Энэ хуулийн 30.4.2-т заасны дагуу байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ, түүний хэрэгжилт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих эрхтэй.
30.6.Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний нөхцөлийг Засгийн газрын тухайн зээллэгийн нөхцөлтэй уялдуулан тодорхойлох бөгөөд төсөвт аливаа нэмэлт төлбөрийн дарамт учруулахгүй байх зарчмыг баримтална.
30.7.Энэ хуулийн 32.2-т зааснаас бусад тохиолдолд дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацаа, үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг сунгах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхийг хориглоно.