31 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний талуудын үүрэг
31.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
31.2.Дэд зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:
31.2.1.эцсийн зээлдэгчийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих;
31.2.2.эцсийн зээлдэгч тус бүр дээр зээлийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх;
31.2.3.төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангуулах;
31.2.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө эцсийн зээлдэгчийн нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээх;
31.2.5.тухайн төсөл, арга хэмжээний эрсдэлийг хариуцах;
31.2.6.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах.
31.3.Эцсийн зээлдэгч нь дараах нийтлэг үүрэгтэй:
31.3.1.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу удирдаж ашиглах;
31.3.2.дамжуулан зээлдүүлэх зээлийн үндсэн, хүүгийн болон бусад төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх;
31.3.3.дэд зээлдэгчид төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар тайлан, мэдээллийг тогтмол хүргүүлэх, эдгээр тайлан, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдалд хариуцлага хүлээх.