8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

8.1.Засгийн газар өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг энэ хуульд заасны дагуу тодорхойлж, стратегийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн төслийн хамт, Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тусад нь боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.1.3.Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох;

8.1.4.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу зээллэг хийх, өрийн баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэх;

8.1.5.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланг хэлэлцэх, дүгнэх, чиглэл өгөх;

8.1.6.стратегийн баримт бичиг болон зээллэгийн дээд хэмжээнд үндэслэн тухайн төсвийн жилийн зээллэгийн төлөвлөгөөг батлах;

8.1.7.өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнгийн талаар Улсын Их Хуралд тайлагнах, өгөгдсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авах;

8.1.8.өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

8.1.9.аймаг, нийслэлийн хийх зээллэгт зөвшөөрөл олгох;

8.1.10.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өр, гаргах өрийн баталгааны дээд хэмжээг Засгийн газарт хэлэлцүүлэх;

8.2.2.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулах;

8.2.3.Засгийн газрын зөвшөөрснөөр Засгийн газрын өрийн баталгааны болон авлага барагдуулах гэрээг байгуулах;

8.2.4.Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, арилжаа болон төлбөрийн хуваарийг батлах;

8.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг батлах;

8.2.6.энэ хуулийн 21.1-д заасны дагуу Өрийн удирдлагын зөвлөлийг байгуулах;

8.2.7.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.8.гадаад зээлийн гэрээний хэлэлцээг хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Засгийн газраас эрх олгосноор гадаад зээлийн гэрээнд гарын үсэг зурах;

8.2.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.