9 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.стратегийн баримт бичгийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах;

9.1.2.Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг энэ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх;

9.1.3.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг тооцоолж төсвийн төсөлд тусгах;

9.1.4.стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулах;

9.1.5.Засгийн газрын гадаад, дотоод өрийн үйлчилгээний хуваарийг гаргаж, улсын төсөвт учруулж болох дарамт, нөлөөллийг тооцох, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

9.1.6.стратегийн баримт бичигт үндэслэн Засгийн газрын зээллэгийн төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

9.1.7.Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээг авах;

9.1.8.Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргах;

9.1.9.Засгийн газрын дамжуулан зээлдүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

9.1.10.эрсдэлийн үнэлгээгээр тухайн зээллэгийн хөрөнгийг хугацаандаа бүрэн төлөх нь батлагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр Засгийн газрыг төлөөлж дамжуулан зээлдүүлэх;

9.1.11.дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;

9.1.12.энэ хуулийн 7.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах, Засгийн газрын үнэт цаас гаргагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх;

9.1.13.Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулах;

/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.1.14.Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах;

9.1.15.улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Монголбанктай хамтран гаргах;

9.1.16.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, холбогдох бусад этгээдээс гаргуулж авах;

9.1.17.гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах;

9.1.18.Засгийн газрын өрийн удирдлагын асуудлаар энэ хуульд заасан журмыг боловсруулах;

9.1.19.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн боловсруулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.20.Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын байгууллага, түнш оронд Засгийн газрын гадаад зээл авах хүсэлтийг албан ёсоор тавих, гадаад зээлийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах, зохицуулах, хяналт тавих;

9.1.21.Засгийн газрын зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон өрийн баталгаа гаргах төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, үнэлэх, дүгнэх ажлыг зохион байгуулах;

9.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан өрийн удирдлагын бодлого, зохицуулалт болон төлөвлөлт, судалгаа шинжилгээ, өрийн үйлчилгээ, бүртгэл, мэдээллийн асуудал эрхэлсэн өрийн удирдлагын нэгжтэй байна.

9.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн Засгийн газрын зээллэгийн хөрөнгө, өрийн баталгааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хянаж, Төсвийн тухай хуульд заасны дагуу эрэмбэлж Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.