21 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах
21.1.Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.
21.4.Газар зүйн заалтын мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:
21.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
21.4.2.энэ хуулийн 25.4-т заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт. /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.5.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:
21.5.1.газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт;
21.5.2.мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
21.5.3.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг;
21.5.4.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт;
21.5.5.тухайн газар нутгийн газар зүйн байршил;
21.5.6.газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;
21.5.7.бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;
21.5.8.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.
21.6.Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:
21.6.1.тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
21.6.2.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;
21.6.3.гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;
21.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.
21.6.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт. /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./