24 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

24.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн бүрдлийн хяналт хийж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

24.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг есөн сар хүртэл хугацаагаар сунгаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

24.4.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

24.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн газар зүйн заалтыг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

24.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болно.

24.9.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.4, 24.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.