26 дугаар зүйл. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, үүрэг
26.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
26.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.
26.3.Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараахь эрх эдэлнэ:
26.3.1.өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах;
26.3.2.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
26.3.3.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
26.3.4.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл "төрлийн", "маягийн", "хийцийн", "дууриамал" зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
26.3.5.энэ хуулийн 26.3.1-26.3.4-т заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах.
26.4.Газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн бараа, бүтээгдэхүүний хувьд энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд заасан чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.
26.5.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор чанарын дотоод болон гадны хяналт хийнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.6.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.7.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний гадны хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.8.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./