41 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурал өргөн мэдүүлэх /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.1.Хууль санаачлагч энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээс өмнө өргөн мэдүүлэх тов тогтоолгох тухай албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.2.Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг энэ хуулийн 41.3-т заасны дагуу хянах бөгөөд төслийн бүрдүүлбэрийг хянах хуудсыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.3.Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг ажлын 5 өдрийн дотор дараах шаардлагыг хангасан эсэхээр хянан үзнэ: /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.1.энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.2.хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан эсэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.3.хуулийн төслийг хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн судалгаанд үндэслэн боловсруулсан эсэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хангасан эсэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.5.энэ хуулийн 40.1.2-т заасан зардлын тооцооллыг холбогдох журам, зааврын дагуу боловсруулсан эсэх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.3.6.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.15-д заасан хугацааг хангасан эсэх. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.4.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар Улсын Их Хурлын даргад танилцуулах ба шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.14-т заасан өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
41.5.Энэ хуулийн 41.4-т заасан хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 5 өдрийн дотор гаргаж, Улсын Их Хурлын даргад танилцуулна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.6.Төслийг өргөн мэдүүлэх талаар Улсын Их Хурлын даргаас товлосон хугацааг Улсын Их Хурлын Тамгын газар хууль санаачлагчид албан бичгээр мэдэгдэх бөгөөд хууль санаачлагч уг хугацаанд хууль тогтоомжийн төслөө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.7.Улсын Их Хурлын Тамгын газар энэ хуулийн 41.3-т заасны дагуу хянаж, эсхүл 41.5-д заасны дагуу хууль зүйн дүгнэлт гаргасан хууль тогтоомжийн төсөл хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын даргад танилцуулж, хууль тогтоомжийн төслийг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид буцаана. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.8.Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн бүрдүүлбэрийг хянасан талаарх албан бичгийг хууль санаачлагчид ажлын 14 өдрийн дотор мэдэгдээгүй бол бүрдүүлбэр хангасанд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.9.Хууль санаачлагч энэ хуулийн 23.1, 25.1-д заасан хуулийн төсөл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хамт тусад нь өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.10.Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН САН БҮРДҮҮЛЭХ, СИСТЕМЧЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙТЛЭХ, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ /Энэ бүлгийн гарчигт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ бүлгийн гарчгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/