45 дугаар зүйл. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх
45.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх, хууль тогтоомжийг системчлэх ажлыг хариуцан зохион байгуулна.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан санд Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан тухайн гэрээний хамт оруулна.
45.3.Энэ хуулийн 45.1-д заасан хууль тогтоомжийн цахим санг Хууль зүйн үндэсний хүрээлэн эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд хариуцан байршуулах бөгөөд хууль тогтоомжийн "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдсэн эх хувь, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн түүх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хавсаргана. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
45.4.Энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан нь хууль тогтоомж, бусад эрх зүйн акт болон хууль тогтоомжийн төслийг Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуультай нийцэж байгаа эсэх, уялдааг шалгах боломжтой мэдээллийн шинэ технологид тулгуурласан шийдэл бүхий байна. /Энэ хэсгийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
45.5.Хууль тогтоомжийн цахим сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон хэлбэрээр ашиглах боломжтой байна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./