12 дугаар зүйл. Барьцаа баталгаажих онцлог зохицуулалт

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Барьцаа баталгаажих онцлог зохицуулалт

12.1.Мөнгөн хадгаламж барьцаалсан бол тухайн хадгаламжийн дансыг барьцаалагч хяналтдаа авснаар түүний барьцаа баталгаажна.

12.2.Тухайн барьцааны зүйлийн хувьд барьцаалагчийн эрх баталгаажсан бол барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогын барьцааг мөн баталгаажсанд тооцно.

12.3.Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого болох нь танигдах боломжгүй, цахим мэдээллийн сангийн бүртгэлд энэ талаар тодорхой тусгаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа барьцааны баталгаажилт дуусгавар болно.

12.4.Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно.

12.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу бүртгүүлсэн бол барьцааны эрх үүсмэгц ийнхүү бүртгүүлсэн үеэс барьцааны эрхийг баталгаажсанд тооцно.

12.6.Эд хөрөнгийг зээлээр худалдсан худалдагч, эсхүл худалдан авагчид эд хөрөнгийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч худалдсан эд зүйлийг худалдан авагчид шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлснээр худалдагчийн барьцааны эрх эд зүйлийг шилжүүлсэн үеэс баталгаажсанд тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАРААЛЛЫН ЗАРЧИМ, БАРЬЦААЛАГЧИЙН ДАВУУ ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.